1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.07.24 14:11
Тайлбар:
Ажил олгогчоос олгож буй "Унаа, хоолны мөнгө" нь ажилтны цалин хөлс буюу цэвэр орлого биш бөгөөд ажил үүргээ гүйцэтгэхэд өдөр тутамд гардаг зайлшгүй зардлыг нөхөх зориулалттай байдаг.
Гэтэл одоогийн мөрдөгдөж буй хуулиар эдгээр зардлаас Хүн амын орлогын албан татвар (ХХОАТ) болон Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) суутгаж байгаа нь иргэдийн гар дээр очих бодит орлогыг бууруулж, амьжиргаанд дарамт болж байна. Ялангуяа инфляци, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй байгаа өнөө үед унаа, хоолны мөнгөнөөс татвар, шимтгэл авч байгаа нь шударга бус бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлоготой нийцэхгүй байна.
Иймд унаа, хоолны мөнгийг татвар, шимтгэл ногдох орлогын сууриас бүрэн чөлөөлж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг шаардаж энэхүү өргөдлийг санаачиллаа.
Хөдөлмөр эрхлэгч иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлж, цалингийн үнэгүйдлээс хамгаалахын төлөө иргэн ТА гарын үсгээ зурж дэмжинэ үү!
Өргөдөл
Монгол Улсын Их Хуралд: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллаж, баялаг бүтээж буй олон мянган иргэд өдөр тутам ажил үүргээ гүйцэтгэхдээ унаа болон хоолны зайлшгүй зардал гаргадаг. Ажил олгогчдын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх нөхцөлийг дэмжих зорилгоор тодорхой хэмжээний унаа, хоолны мөнгийг олгодог билээ. Гэтэл өнөөгийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд уг олговроос Хүн амын орлогын албан татвар (ХХОАТ), Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) суутган авч байна. Унаа, хоолны мөнгө нь ажилтны хөдөлмөрийн үр дүнд бий болсон цэвэр цалин хөлс, ашиг орлого биш бөгөөд зөвхөн ажилдаа очих, ирэх, ажлын цагаар хооллох зэрэг наад захын хэрэгцээг нөхөх зориулалттай зардал юм. Зардлаас татвар суутгаж байгаа нь эдийн засгийн хувьд логикгүй төдийгүй, иргэдийн бодит орлогыг шууд бууруулж байна. Үүнтэй холбоотойгоор татварын давхардлын ноцтой бөгөөд шударга бус асуудал үүсч байна. Ажилтнууд унаа, хоолны мөнгөнөөсөө ХХОАТ, НДШ суутгуулсныхаа дараа үлдсэн мөнгөөрөө өдөр тутмын хоол хүнс, нийтийн тээвэр, шатахуун зэрэг бараа, үйлчилгээг худалдан авдаг. Гэтэл эдгээр бараа, үйлчилгээний үнэд Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), онцгой албан татвар зэрэг бусад шууд бус татварууд хэдийнэ шингэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, иргэд ажил хийхэд гарч буй зайлшгүй зардлаасаа эхлээд "орлогын татвар" нэрээр 20 гаруй хувийн шимтгэл, татвар төлж, дараа нь тэрхүү мөнгөөрөө хоол, унааны үйлчилгээ авахдаа дахин "хэрэглээний татвар" (НӨАТ) давхар төлж, санхүүгийн маш хүнд давхар дарамтад орж байна. Инфляцийн түвшин өндөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт хүчтэй сөргөөр нөлөөлж байгаа энэ цаг үед татварын ийм давхардал нь нийгмийн дундаж давхаргыг мохоож, цалингийн үнэгүйдлийг улам эрчимжүүлж байна. Иймд Монгол Улсын Их Хуралд хандан дараах хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийхийг хичээнгүйлэн хүсэж байна: 1. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, ажилтанд олгож буй унаа, хоолны мөнгийг ХХОАТ ногдох орлогын бүрэлдэхүүнээс бүрэн чөлөөлөх. 2. Нийгмийн даатгалын тухай хууль болон түүнийг дагалдан гарсан журмуудад өөрчлөлт оруулж, унаа, хоолны мөнгийг НДШ ногдох сууриас хасах. Хөдөлмөр эрхлэгч иргэдийнхээ хөдөлмөрийн үнэлэмж, бодит орлогыг хамгаалах, татварын давхардлыг арилгах, татварын шударга тогтолцоог бүрдүүлэх энэхүү өргөдлийг УИХ-аас анхааралдаа авч, яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсье.
2026.07.31 00:58
2026.08.30 00:58