МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 41 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 41.7 ДАХЬ ЗААЛТЫН ЗАРИМ ХЭСЭГ БУЮУ “…ГИШҮҮНД ШҮҮХИЙН ЖУРМААР ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛАХ, ГЭР, АЛБАН ӨРӨӨ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, БИЕД НЬ ҮЗЛЭГ, НЭГЖЛЭГ ХИЙХИЙГ ХОРИГЛОНО.” ГЭСНИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

31

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202603-76767

100,000

Цогбадрах БАТБОЛД

2026.03.10 15:29

Тайлбар:
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь заалтын зарим хэсэг буюу “…гишүүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэсэн заалт нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэсэн, мөн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-тай холбоотой заалтуудтай зөрчилдөж, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, тэгш байдлын суурь зарчмуудыг зөрчсөн.

Өргөдөл

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь заалтын зарим хэсэг буюу “…гишүүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэсэн, мөн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-тай холбоотой заалтуудтай зөрчилдөж, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн, мөн хуулийн 2 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зөрчил гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр эрх бүхий байгуулагаас батлан гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, аливаа этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлдэг. Зөрчил үйлдсэн хэн ч шийтгэлээ адилхан хүлээх ёстой. Зөрчил үйлдэх гэдэг нь гэмт хэрэг үйлдэх гэсэн ойлголтоос өөр бөгөөд гишүүнд зөрчлийн шийтгэл оногдуулах нь парламентын дархлааг дордуулах гэсэн ойлголттой огт хамааралгүй болно. Харин эсрэгээрээ зөрчил үйлдсэн гишүүдэд хуулийн дагуу зөрчлийн шийтгэл оногдуулах нь тэдэнтэй гишүүний ёс зүй, хариуцлага тооцох үндэслэл болж парламентын дархлаа, гишүүний ёс зүйн шалгуурыг тогтоох бодит арга, боломж болох учиртай. Зөрчлийг гэмт хэрэгтэй хольж хутган нийлүүлж, энэ заалтын ард нуугдсанаар Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйл буюу “Гишүүнд хориглох үйл ажиллагаа” гэсэн заалт болон Зөрчлийн тухай хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчсөн гишүүний үйлдэлд шийтгэл оногдуулах хуулийн боломжгүй болгосон нь тодорхой хэсэг, бүлэгт давуу байдал бий болгосон, цөөнхийн эрх ашигт нийцсэн, Монгол Улсын нийт иргэн болон улсын ашиг сонирхолд хохиролтой, хууль тогтоогч өөртөө хуулийн аргаар илт давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна. Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах үүрэг бүхий иргэдээс тодорхой хугацаагаар эрх авч сонгогдсон төлөөлөл. Гишүүн нь хууль санаачлах, батлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих төлөөллийн этгээд болохоос нийтээр дагаж мөрдөх хууль, хэм хэмжээг зөрчих, энэ үйлдэлдээ шийтгүүлэхгүйгээр хамгаалагдан орших этгээд биш юм. Гэтэл гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн баталгаа гэдгээр халхавчлан Зөрчлийн шийтгэл хүлээхгүй байна гэдэг нь хуульт ёс, шударга ёсонд нийцэхгүйгээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн тунхаглал болох Монголын ард түмэн бид “...хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн заалттай зөрчилдөж байна. Иймд Улсын Их хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь заалтын зарим хэсэг буюу “…гишүүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэснийг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлуулахаар нийтийн өргөдөл гаргаж байна. Өргөдөл гаргасан: Монгол Улсын иргэн Хулуд овогт Цогбадрахын Батболд

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

31

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)