3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.10.23 11:45
Тайлбар:
Нийслэлээс зарласан "Дахин төлөвлөлт" гэдэг нэрэнд төр засагтаа 100% итгэж, хамаг хөрөнгөөрөө шууд захиалга өгсөн иргэд өнөөдөр 5–6 жилээр санхүү, сэтгэл санааны асар хохирол амсаж байна.
Өргөдөл
Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй барилгууд төсөл хэрэгжүүлэгч компанийн хөрөнгөөр биш, захиалагч иргэдийн 100% хөрөнгө оруулалтаар босдог. Төр өөрөө компанийг нь сонгон шалгаруулж өгчихөөд, асуудал үүсэхэд "Компанииргэн хоёрын хооронд хийгдсэн гэрээ, шүүхдээ ханд" гэж иргэдийг хөөдөг хуулийн ноцтой цоорхой байна. 5-6 жилийн өмнөх мөнгөний үнэ цэнэ, барилгын ханш өнөөдрийнхөөс асар их зөрүүтэй болж иргэд туйлдаж байна. Иймд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд дараах өөрчлөлтийг яаралтай оруулахыг шаардаж байна: 1. Заавал 3 талт гэрээ байгуулах: Дахин төлөвлөлтийн төсөл л бол мөнгөө өгч захиалсан бүх иргэд Нийслэл + Барилгын компани + Захиалагч иргэн гэсэн 3 талт гэрээ байгуулах эрхтэй байх. Төр гуравдагч тал болж иргэний 100% хөрөнгө оруулалтыг эхнээс нь батлан дааж, хянах хуулийн үүрэг хүлээнэ. 2. Өнөөдрийн зах зээлийн ханшаар хохирол барагдуулах: Иргэдийн хохирлыг анх гэрээ хийсэн үеийн мөнгөн дүнгээр биш, яг өнөөдрийн барилгын зах зээлийн 1 ам метр талбайн дундаж ханшаар хөрвүүлэн тооцож Нийслэлийн Эрсдэлийн сангаас нэн даруй олгох эсвэл түүнтэй дүйцэх бэлэн орон сууцаар хохиролгүй болгох. 3. Өнөөдөр хохирсон иргэдийг яаралтай шийдвэрлэх: Хуулийг батлагдахаас өмнө дахин төлөвлөлтийн улмаас хохирсон байгаа, одоо үргэлжилж буй бүх маргаанд энэ хуулийн зохицуулалтыг ухраан хэрэглэж, хохирлыг нэн даруй барагдуулах. 4. Нийслэлийн эрсдэлийн сангаас нөхөн төлөх: Төсөл хэрэгжүүлэгч компани үүргээ биелүүлээгүй тохиолдолд Нийслэл хот өөрийн "Эрсдэлийн сан"-гаас хохирсон иргэдийн санхүүгийн хохирлыг эхний ээлжинд гаргаж өгөөд, дараа нь төр өөрөө тухайн компаниас шүүхийн журмаар хөрөнгийг нь хурааж авдаг тогтолцоонд шилжих. 5. Компани болон үүсгэн байгуулагчийн хөрөнгийг шууд царцаах: Гэрээт хугацаанаас 6 сараас дээш хугацаа хэтрүүлсэн компанийн болон түүний үүсгэн байгуулагчдын бүх данс, үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн шийдвэрээр шууд царцааж, иргэдийн хохиролд барьцаалах. Төр засагтаа итгэж, 100% өөрийн хөрөнгөөрөө захиалга өгөөд өнөөдөр гудамжинд үлдсэн иргэдийнхээ эрх ашгийг заавал 3 талт гэрээгээр баталгаажуулж, өнөөдрийн бодит ханшаар хамгаалахын тулд энэхүү хуулийн төслийг дэмжиж, гарын үсгээ зурна уу!