3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.10.23 11:53
Тайлбар:
Монгол Улсын Үндсэн хуулиар үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Гэвч төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нийтийн хөрөнгөөр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, нөлөөлөгч, иргэдтэй шүүмжлэл гаргахгүй байх, сөрөг мэдээлэл нуун дарагдуулах нөхцөлтэй “хаалтын гэрээ” байгуулах эрсдэлтэй. Энэ нь хараат бус мэдээлэл, олон нийтийн хяналтад сөргөөр нөлөөлнө.
Иймд УИХ-аас холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж: 1. Нийтийн хөрөнгөөр шүүмжлэлийг хязгаарлах, мэдээлэл нуун дарагдуулах, далд нөлөөлөл үзүүлэх гэрээ байгуулах, төлбөр олгохыг хориглох; 2. Мэдээлэл, сурталчилгааны гэрээний талууд, үнэ, зорилго, гүйцэтгэлийг ил тод болгох; 3. Төлбөртэй контентыг тэмдэглэх; 4. Зөрчилд хариуцлага тогтоохыг хүсэж байна. Төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, гамшгийн сэрэмжлүүлэг зэрэг хууль ёсны мэдээлэл түгээхийг хоригт хамааруулахгүй.
Өргөдөл
Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрх чөлөөг баталгаажуулсан. Гэвч төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд төсвийн болон нийтийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, цахим орчны нөлөөлөгч, иргэдтэй мэдээлэл түгээх, сурталчилгаа хийх нэрийн дор гэрээ байгуулж, шүүмжлэлийг хязгаарлах, сөрөг мэдээллийг нуун дарагдуулах, албан тушаалтны нэр хүндийг хамгаалах зорилгоор ашиглах эрсдэлтэй байна. Ийм төрлийн “хаалтын гэрээ” нь хэвлэл мэдээллийн хараат бус байдал, иргэдийн бодит мэдээлэл авах эрх, төрийн үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг сулруулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах нөхцөл бүрдүүлж болзошгүй. Төсвийн болон нийтийн хөрөнгө нь төрийн байгууллага, албан тушаалтны нэр хүндийг хамгаалах, шүүмжлэлийг хязгаарлах зориулалттай хөрөнгө биш юм. Иймд Монгол Улсын Их Хурлаас холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дараах зохицуулалтыг бий болгохыг хүсэж байна. 1. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд төсвийн болон нийтийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, нөлөөлөгч, иргэдтэй шүүмжлэлийг хязгаарлах, сөрөг мэдээллийг нуун дарагдуулах, олон нийтийн санаа бодолд далд хэлбэрээр нөлөөлөх зорилготой “хаалтын гэрээ” байгуулах, санхүүжүүлэхийг хориглох. 2. Төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах чиглэлээр байгуулсан гэрээний талууд, үнийн дүн, санхүүжилтийн эх үүсвэр, зорилго, гүйцэтгэлийг олон нийтэд ил тод мэдээлэх. 3. Төсвийн болон нийтийн хөрөнгөөр санхүүжүүлсэн захиалгат нийтлэл, нэвтрүүлэг, цахим контент, сурталчилгаанд төлбөртэй мэдээлэл болохыг тодорхой тэмдэглэх. 4. Хориглосон гэрээ байгуулсан, санхүүжүүлсэн, хэрэгжүүлсэн албан тушаалтан болон холбогдох этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий болгох. Иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээ, хууль тогтоомж, эрүүл мэнд, боловсрол, гамшгийн сэрэмжлүүлгийн мэдээллийг түгээх хууль ёсны үйл ажиллагааг уг хоригт хамааруулахгүй байх шаардлагатай. Энэхүү зохицуулалт нь төсвийн хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг нэмэгдүүлж, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, иргэдийн мэдээлэл авах эрх, төрийн үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг бэхжүүлэхэд чиглэнэ. Иймд төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд төсвийн болон нийтийн хөрөнгөөр “хаалтын гэрээ” байгуулахыг хориглох эрх зүйн зохицуулалт бий болгох хуулийн төсөл санаачлах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
2026.10.27 09:28
2026.11.26 09:28