3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.09.04 16:10
Тайлбар:
2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан холбогдох хуулийн зохицуулалтаар цэргийн тэтгэвэр авагчдыг суурь тэтгэвэрт хамруулах болсон боловч өмнө нь цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдээс эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн тохиолдолд суурь тэтгэвэр тооцон олгохоор насны босго тогтоосон байна. Цэрэг, Зэвсэгт хүчин болон хүчний байгууллагын алба хаагчид тусгай нөхцөл, өндөр хариуцлага, эрсдэл, байнгын бэлэн байдлын шаардлагад олон жил үүрэг гүйцэтгэж, хуулиар тогтоосон шалгуурыг ханган цэргийн тэтгэвэр авах эрхээ үүсгэдэг. Иймд хуулийн дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийг суурь тэтгэвэрт хамруулахдаа эрэгтэй 60, эмэгтэй 55 насны босгоор дахин ялган зохицуулж буй асуудлыг эргэн харж, наснаас үл хамааран суурь тэтгэвэрт хамруулах боломжийг судлан, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг хүсэж байна.
Өргөдөл
Монгол Улсын Их Хуралд 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан холбогдох хуулийн зохицуулалтаар цэргийн тэтгэвэр авагчдыг суурь тэтгэвэрт хамруулах болсон нь цэрэг, хүчний байгууллагад олон жил алба хаасан иргэдийн нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн чухал алхам гэж үзэж байна. Гэвч өмнө нь цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдээс эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд хүрсэн тохиолдолд суурь тэтгэвэр тооцон олгохоор насны босго тогтоосноор хуулийн дагуу цэргийн тэтгэвэр авагч болсон иргэдийн нэг хэсэг тодорхой хугацаанд уг зохицуулалтын гадна үлдэх нөхцөл үүсэж байна. Цэрэг, Зэвсэгт хүчин болон хүчний байгууллагын алба нь ердийн 8 цагийн хөдөлмөрөөс онцлог. Алба хаагчид улсын хил, алслагдсан бүс, хээрийн нөхцөл, гамшиг осол, нийгмийн хэв журам, онцгой болон эрсдэлтэй нөхцөлд өдөр, шөнийн аль ч цагт, баяр ёслол, бүх нийтийн амралтын өдрийг үл харгалзан үүрэг гүйцэтгэж, байнгын бэлэн байдлыг ханган ажилладаг. Албаны шаардлагаар гэр бүл, үр хүүхдээсээ удаан хугацаагаар хол байх, амралт чөлөөгөө хязгаарлуулах, шаардлагатай үед хэдийд ч албандаа дуудагдан үүрэг гүйцэтгэх нөхцөл нийтлэг байдаг. Төр цэргийн албаны энэхүү тусгай нөхцөл, өндөр хариуцлага, эрсдэл, хатуу сахилга, байнгын бэлэн байдлыг хүлээн зөвшөөрсөн учраас хуульд заасан хугацаа, нөхцөл, шалгуурыг хангасан алба хаагчдад ердийн өндөр насны тэтгэврийн наснаас өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгох эрхийг тусгай хуулиар олгосон. Иймд 40–50 гаруй насандаа цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэнийг зүгээр нэг “эрт тэтгэвэрт гарсан” гэж үзэх үндэслэлгүй. Тухайн иргэн төрийн өмнө хүлээсэн тусгай үүргээ олон жил биелүүлж, хуульд заасан шалгуурыг ханган цэргийн тэтгэвэр авах эрхээ хуулийн дагуу үүсгэсэн байдаг. Гэтэл хуулийн дагуу цэргийн тэтгэвэр тогтоолгосон атлаа суурь тэтгэвэр авахын тулд дахин эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрэх шаардлага тавьснаар ижил хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон иргэд наснаас шалтгаалан өөр өөр нөхцөлд хамрагдах асуудал үүсэж байна. Энэ асуудал нь зөвхөн нэг байгууллагын бус, хуульд хамрагдах Зэвсэгт хүчин, хил хамгаалах, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тагнуул, төрийн тусгай хамгаалалт болон бусад цэрэг, тусгай албанд олон жил үүрэг гүйцэтгэж, цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн нийтлэг эрх ашигтай холбоотой юм. Иймд Монгол Улсын Их Хурлаас цэргийн тэтгэвэр авагчдыг суурь тэтгэвэрт хамруулахад тавьсан эрэгтэй 60, эмэгтэй 55 насны босгын үндэслэл, үр нөлөөг дахин судлан үзэж, цэргийн албаны тусгай нөхцөл болон хуулийн дагуу нэгэнт үүссэн тэтгэвэр авах эрхийг харгалзан, цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийг наснаас үл хамааран суурь тэтгэвэрт хамруулах боломжийг судалж, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхийг хүсэж байна. Цэргийн тэтгэвэр бол хөнгөлөлт биш. Энэ бол цаг наргүй алба, хатуу сахилга, өндөр хариуцлага, эрсдэл, байнгын бэлэн байдал, олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үндсэн дээр хуулиар олгогдсон эрх юм.
2026.09.04 18:59
2026.10.04 18:59