1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.07.24 14:03
Тайлбар:
Монгол Улсын иргэн бүр оршин суугаа газрын бүртгэлээс үл хамааран нийслэл Улаанбаатар хотод автомашинаа улсын бүртгэлд бүртгүүлж, УБ улсын дугаар авах эрхтэй байх ёстой. Одоогийн байдлаар автомашины үйлдвэрлэсэн он, өмнөх бүртгэлийн байдал зэрэг шалгуураар УБ дугаар олгохыг хязгаарлаж байгаа нь иргэдийн тэгш эрх, өмчлөх эрх, чөлөөтэй зорчих эрхэд сөргөөр нөлөөлж байна. Иймд өмнөх журмыг сэргээж, Монгол Улсын иргэд Улаанбаатар хотын улсын дугаарыг хэвийн авах боломжийг бүрдүүлэхийг хүсэж байна.
Өргөдөл
Монгол Улсын Үндсэн хуульд иргэд тэгш эрхтэй бөгөөд өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын улсын дугаар олголтыг автомашины үйлдвэрлэсэн он болон бусад шалгуураар хязгаарлаж байгаа нь олон иргэний эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Орон нутагт бүртгэлтэй автомашин худалдан авсан иргэд нийслэлд амьдарч, ажиллаж, татвараа төлж байгаа хэдий ч Улаанбаатар хотын улсын дугаар авах боломжгүй болж, нэмэлт хүндрэл, зардал үүсэж байна. Мөн автомашины үйлдвэрлэсэн оноор ялгаварлан хандаж байгаа нь иргэдийн өмчийн эрх, тэгш байдлын зарчимтай нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Монгол Улсын иргэн өөрийн оршин суугаа улсынхаа нийслэл Улаанбаатар хотод автомашинаа бүртгүүлж, өмнөх журмын дагуу УБ улсын дугаар авах боломжийг сэргээх, автомашины үйлдвэрлэсэн оноор болон бусад үндэслэлээр хязгаарлалт тогтоохгүй байх асуудлыг судалж, холбогдох шийдвэр гаргахыг хүсье. Энэхүү асуудал нь зөвхөн нэг хэсэг иргэдийн бус, автомашин эзэмшигч олон мянган иргэний эрх ашиг, тэгш боломжтой холбоотой тул нийтийн ач холбогдолтой гэж үзэж байна.