1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.08.10 10:16
Тайлбар:
Монгол Улсад орон сууцны түрээсийн зах зээл хурдацтай тэлж байгаа ч хууль эрх зүйн тодорхой зохицуулалт дутмаг байгаагаас үүдэн түрээслэгч болон түрээслүүлэгчдийн дунд маргаан их гарч байна. Түрээсийн барьцаа мөнгийг үндэслэлгүй буцааж өгөхгүй байх, түрээсийн үнийг богино хугацаанд үндэслэлгүй нэмэх, гэрээний хугацаа дуусаагүй байхад шалтгаангүйгээр хөөж гаргах зэрэг эрсдэл түрээслэгчдэд түгээмэл тохиолддог.
Олон улсын туршлагад (тухайлбал ХБНГУ, БНКОУ)-д түрээсийн гэрээний доод хугацаа, үнийн нэмэгдлийн дээд хязгаар (жишээ нь жилд 5%-иас хэтрэхгүй байх), барьцаа мөнгийг төрийн болон тусгай системд хуулийн дагуу баталгаажуулан хамгаалах зохицуулалт байдаг. Иймд Монгол Улсад орон сууц түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалсан, барьцаа мөнгөний аюулгүй байдлыг хангасан, түрээсийн үнийн дарамтыг бууруулсан тусгайлсан хууль боловсруулж, эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахыг УИХ-аас шаардаж энэхүү өргөдлийг гаргаж байна.
Өргөдөл
ӨРГӨДЛИЙН ҮНДСЭН ШААРДЛАГА БОЛОН АГУУЛГА: Нэг. Үндэслэл: Өнөөдрийн байдлаар Иргэний хуулийн түрээсийн харилцааны зохицуулалт нь амьдрал дээр үүсэж буй бодит асуудлуудыг бүрэн зохицуулж чадахгүй байна. Тухайлбал, орон сууцны түрээсийн зах зээл дээр үнийн хөөрөгдөл хэт явагдаж, түрээслэгч болон түрээслүүлэгчдийн эрх ашиг, аюулгүй байдал хангагдахгүй, маргаан тасрахгүй байна. Энэ нь хоёр талын хэн хэнд нь эрсдэлтэй бөгөөд нийгэм, эдийн засгийн хувьд тогтворгүй байдлыг үүсгэж байгаа тул БНСУ болон өндөр хөгжилтэй орнуудын туршлагад үндэслэн тусгайлсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Тусгах шаардлагатай гол зохицуулалтууд: Зах зээлд нийцсэн, Харилцан ашигтай (Win-Win) Үнийн Зохицуулалт: Түрээслүүлэгч нь түрээсийн үнийг тогтоохдоо дур зоргоороо бус, тухайн бүсийн бодит нөхцөл, зах зээлийн дундаж ханш болон эдийн засгийн чадамжид нийцүүлэн бодитой тогтоодог эрх зүйн механизмыг бий болгох. -Үнэ хэт өндөр байх нь түрээслэгчид санхүүгийн дарамт болдог бол, хэт хямд эсвэл тодорхойгүй байх нь түрээслүүлэгчид эрсдэл авчирдаг. Иймд хоёр талын эрх ашгийг тэнцвэртэй хангасан, иргэдийн худалдан авах чадварт тулгуурласан "боломжийн бөгөөд тогтвортой" түрээсийн үнийн стандартыг хуульчлах. 1.Мэргэжлийн баталгаат зуучлалаар (Брокер/Агентлаг) заавал дамжуулах: БНСУ-ын туршлагаар түрээсийн харилцааг заавал тусгай зөвшөөрөлтэй Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар (부동산) дамжуулан хийдэг. Энэ систем нь гэрээний хууль ёсны байдлыг хангаж, залилан болон хууль бус шаардлагаас хоёр талыг хамгаалдаг. 2.Монгол Улсад түрээсийн гэрээг албан ёсны эрхтэй, хариуцлага хүлээх чадвартай зуучлалын байгууллагаар заавал хийлгэж, гэрээний стандарт, барьцаа болон төлбөрийн аюулгүй байдлыг дунд нь хянадаг бүтцийг бий болгох. 3.Түрээсийн барьцаа мөнгийг хугацаа дуусахад үндэслэлгүйгээр суутгах, буцааж өгөхгүй уддаг байдлыг зохицуулж, тусгай баталгаажсан систем эсвэл хорооны бүртгэлд хамруулснаар барьцаа мөнгийг эрсдэлгүй болгох. 4.Түрээслэгчийн орон байрны тогтвортой байдлыг хангах үүднээс гэрээний доод хугацааг (жишээ нь 1-2 жил) баталгаажуулах, гэрээ сунгах үед түрээсийн төлбөрийн нэмэгдэлд дээд хязгаар (жишээ нь жилд 5%-иас хэтрэхгүй байх) тогтоож, огцом үнийн өсөлтөөс хамгаалах. 5.Түрээсээр сууж буй иргэдийн тухайн хаяг дээрх оршин суугаа бүртгэлийг хялбарчилж, төрийн үйлчилгээ авах, эрх зүйн бүрэн хамгаалалтад орох нөхцөлийг бүрдүүлэх. Иймд түрээслэгч болон түрээслүүлэгч талуудад хоёуланд нь ашигтай, шударга, эрсдэлгүй түрээсийн орчныг бүрдүүлэхийн тулд "Сууцны түрээсийг хамгаалах тухай" тусгайлсан хууль эсвэл холбогдох хуулиудын нэмэлт өөрчлөлтийг санаачлан авч хэлэлцэхийг УИХ-аас хүсэж байна