1. Ажлын хэсэг байгуулах

33,000
2025.09.11 15:18
Тайлбар:
Монголчууд эртнээс өөрсдийгөө “Монгол” гэж нэрлэж ирсэн боловч олон улсын тавцанд ЗХУ-ын орос хэлний “Монголия”-гаас үүдэлтэй “Mongolia” нэршил хэрэглэгдэж ирсэн. Энэ нь түүхэн үнэнтэй нийцэхгүй, үндэсний үнэлэмжийг гажуудуулж байна. Иймд УИХ-д Түр хороо байгуулан асуудлыг судалж, Монгол Улсын албан ёсны англи нэрийг “Mongol” болгон өөрчлөх асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Өргөдөл
1. Түүхэн ба соёлын үнэн зөв нэршил Монголчууд эртнээс өнөөг хүртэл өөрсдийгөө “Монгол” гэж нэрлэж ирсэн. XIII зуунд байгуулагдсан Их Монгол Улс (Mongol Empire) нь дэлхийд танигдсан томоохон гүрэн байсан бөгөөд түүхийн бүхий л эх сурвалжид “Mongol” гэж тэмдэглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Mongol” бол монголчуудын өөрийн оноосон нэр (эндоним) бөгөөд “Mongolia” бол гадаад талаас үүссэн өөрчлөлттэй нэр (экзоним) юм. 2. ЗХУ-ын үеийн гадаад нэршлийн нөлөө XX зууны эхэн үеэс Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээх үед Зөвлөлт Холбоот Улсын хүчтэй нөлөөн дор байсан. Энэ үед манай улсын нэрийг орос хэлэнд “Монголия” гэж буулгасан. Улмаар энэхүү орос хувилбарыг англи хэл рүү шууд орчуулж, “Mongolia” болгож олон улсын тавцанд ашиглаж эхэлсэн буюу Монгол улс 1961 онд НҮБ-д элсэх үед шууд Орос хэлнээс Англи руу Mongolia гэж бичигдэн баталгаажсан байх боломжтой нэршил юм. Ингэснээр манай улс өөрийнхөө түүхэн нэр “Mongol”-оосоо англи хэл дээрх албан ёсны нэршилд холдож, орос гаралтай хувилбарыг хэрэглэсээр ирсэн. 3. Нэршлийн зөрчил ба ойлголтын гажуудал “Mongol” гэдэг нь үндэстэн, соёл, түүхийг бүхэлд нь илэрхийлдэг үнэн зөв нэр. “Mongolia” гэдэг нь гадаадын (орос) орчуулгаас үүссэн хиймэл хэлбэр бөгөөд эх хэлнийхээ нэршилтэй нийцдэггүй. Энэ нь үндэсний өөрийн үнэлэмж, олон улсын ойлголтод зөрчил үүсгэдэг. Жишээ нь, дэлхий даяар “Mongol Empire”, “Mongol people” гэхэд Mongol хэрэглэдэг хэрнээ өнөөдөр улсыг нь “Mongolia” гэж нэрлэх нь логикийн хувьд зөрчилтэй. 4. Олон улсын жишиг Өөрийн нэршлээ сэргээж, олон улсын түвшинд шинэчлэн баталгаажуулсан олон улс бий: Бирм → Мьянмар (1989 оноос) Цейлон → Шри Ланка (1972 оноос) Перс → Иран (1935 оноос) Голланд → Нидерланд (албан ёсоор Netherlands болгосон) Эдгээр орнуудын адил Монгол Улс өөрийн жинхэнэ түүхэн нэршил болох “Mongol”-ыг олон улсын хэмжээнд сэргээх бүрэн боломжтой бөгөөд энэ нь соёлын дархлаа, үндэсний бахархлыг хамгаалах алхам болно. 5. Геополитик ба дипломат ач холбогдол Өөрийн үнэн нэршлээ хэрэглэх нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг илүү баталгаажуулдаг. “Mongol” нэршил нь дэлхий дахинд танигдсан брэнд бөгөөд түүхэн өв, соёлын дархлаа, үндэстний нэр хүндийг бодитоор илэрхийлнэ. Энэ нь Монгол Улсыг бүс нутагт ч, олон улсын түвшинд ч илүү тодорхой, онцгой байр суурьтай болгож өгөх г.мэт ирээдүйн асар их ач холбогдолтой зүйл тул Ажлын хэсэг гарган нарийвчлан судалж улмаар УИХ-аар баталж, цааш НҮБ-д энэхүү асуудлыг нухацтайгаар тавьж Монгол улсын нэр, дуудлагыг Монголия/Mongolia гэдгээс Монгол/Mongol болгоход анхаарч өгнө шш.