СОГТУУГААР ЖОЛОО БАРИХ ҮЙЛДЛИЙН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАЖ, ЖОЛООДОХ ЭРХ ХАСАХ ХУГАЦААГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

0

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202607-30881

100,000

Дуйнхаржав Мөнх-Эрдэнэ

2026.08.10 10:14

Тайлбар:
Согтуугаар жолоо барих нь санамсаргүй алдаа биш, хүн өөрөө ухамсартайгаар сонгодог үйлдэл юм. Гэвч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр согтуугаар жолоо барьж хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан хэргийг болгоомжгүй гэмт хэрэгт тооцож, согтуурсан байдлыг зөвхөн зүйчлэх шинж болгон авч үздэг. Хохирол учруулаагүй тохиолдолд жолоодох эрхийг ердөө нэг жилээр хасдаг нь дахин зөрчил үйлдэхээс сэргийлэх хүчгүй байна. Согтуурсан үедээ жолооны ард суух үйлдэл өөрөө санаатай, харин үр дагавар нь болгоомжгүй байдлаар илэрдэг тул энэ нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан "гэм буруугийн холимог хэлбэр"-т нийцнэ. Иймд уг үйлдлийг бие даасан хүнд гэмт хэрэгт тооцож, хохирол учраагүй тохиолдолд ч жолоодох эрхийг арван хоёр жилээр хасдаг болгохыг шаардаж байна.

Өргөдөл

Үндэслэл Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гэм зэмгүй иргэд амь насаа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болж, олон гэр бүлүүд хохирсоор байна. Өнөөгийн эрх зүйн зохицуулалт урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь илэрхий болов. Одоогийн байдал Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлээр согтуурсан, мансуурсан үедээ жолоо барьсан байдлыг бие даасан гэмт хэрэг гэж үзэхгүй, зөвхөн уг зүйл доторх зүйчлэх шинж — эрүүл мэндэд хохирол учруулсан бол 27.10.2.1, амь нас хохироосон бол 27.10.4.1 — болгон авч үздэг бөгөөд гэм буруугийн хэлбэрийн хувьд болгоомжгүй гэмт хэрэгт хамаарна. Улмаар хүнийг санаатай алсан хэрэгт 10.1 дүгээр зүйлээр найман жилээс арван таван жил хүртэл хорих ял оногдуулдаг бол согтуугаар жолоо барьж хүний амь нас хохироосон тохиолдолд оногдуулах ял үүнээс мэдэгдэхүйц бага байна. Мөн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ерөнхий нөхцөл байдлын жагсаалтад согтуурсан байдал ороогүй. Хохирол учруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар жолоодох эрхийг ердөө нэг жилээр хасдаг нь тухайн хүн дахин жолооны ард суухаас сэргийлэх бодит хүчгүй байна. Гэм буруугийн хэлбэрийн тухайд Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн жолооны ард суух шийдвэрийг ухамсартайгаар гаргадаг. Тэр хүн энэ үйлдэл хуулиар хориотойг, согтуурал нь хариу үйлдэл, анхаарлыг сулруулдгийг, ийнхүү хөдөлгөөнд оролцвол бусдын амь нас хохирч болзошгүйг урьдчилан харах бүрэн боломжтой байдаг. Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэж тодорхойлж, ийм гэмт хэргийн шинж, оногдуулах ялыг тусгай ангид тусгайлан заахаар зохицуулсан. Согтуугаар жолоо барих үйлдэл энэ ойлголтод бүрэн нийцнэ. Шаардаж буй шийдвэр Улсын Их Хурал Эрүүгийн хуульд дараах нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсч байна: Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдын биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, эсхүл амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэгт тооцож, 27.10 дугаар зүйлээс салган бие даасан зүйл, ангиар хуульчлах; Уг гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг нэмэгдүүлж, 2.6 дугаар зүйлд заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамруулах; Хохирол учруулаагүй ч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон хүнд жолоодох эрх хасах ялыг арван хоёр жилийн хугацаагаар оногдуулдаг болгох. Энэ нь Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлд заасан эрх хасах ялын дээд хэмжээ тул уг зүйлд өөрчлөлт оруулах шаардлагагүй; Хүний амь нас хохирсон тохиолдолд жолоодох эрхийг насан туршид хасах боломжийг бий болгохоор 5.7 дугаар зүйлд өөрчлөлт оруулах; Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд нэмэлт оруулж, хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийсний улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тохиолдолд санаатай гэмт хэргийн нэгэн адил хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхой болгох; Хохирогч болон түүний ар гэрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгож, хохирлоо төлсөн үндэслэлээр ял хөнгөрүүлэх, тэнсэх зохицуулалтын хамрах хүрээг энэ төрлийн гэмт хэрэгт хязгаарлах. Энэхүү өөрчлөлт нь зөвхөн шийтгэл чангатгахад бус, согтуугаар жолоо барих үйлдлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн болно.

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

0

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)