2. Хяналт шалгалт явуулах
70,000
2026.10.02 17:07
Тайлбар:
Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа 20 орчим жил үргэлжилж байна.
Энэ хугацаанд газрын тос олборлох, цооног өрөмдөх, тоног төхөөрөмж ажиллуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг олон төрлийн үйл ажиллагаанаас их хэмжээний хаягдал үүссэн.
Харин эдгээр хаягдлыг хаана, хэрхэн хадгалж, тээвэрлэж, устгаж, булж, устгалд оруулж ирсэн нь өнөөдөр иргэдэд бүрэн тодорхой биш байна.
Ялангуяа газрын тос, тосорхог материал, өрөмдлөгийн шавар болон шингэн, химийн бодисын үлдэгдэл, бохир ус, ашигласан шүүлтүүр, тосны сав, тоног төхөөрөмжийн хаягдал зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр устгасан, дахин боловсруулсан эсэх нь эргэлзээтэй байна.
Олон жилийн өмнө үүссэн хаягдлыг өнөөдөр зөвхөн бичиг баримтаар шалгаад орхих бус, газар дээр нь очиж, бодитоор хаана юу болсон бэ гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
Өргөдөл
Петрочайна Дачин Тамсаг компанийн газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагааны сүүлийн 20 орчим жилийн хугацаанд үүссэн хаягдлын асуудлыг шалгах төрийн байгууллагуудын болон иргэний нийгмийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулах; Энэхүү ажлын хэсэг - газрын тос олборлох, хайгуул хийх явцад үүссэн хаягдлыг ямар төрлөөр ангилж, хаана хадгалж, хэрхэн тээвэрлэж, ямар аргаар устгаж ирснийг баримт бичиг болон газар дээрх бодит нөхцөлтэй тулган шалгах, - хаягдал тос болон газрын тос агуулсан материал, өрөмдлөгийн хаягдал, химийн бодисын үлдэгдэл болон бусад аюултай хаягдлыг газарт булсан, асгасан, зориулалтын бус газарт хаясан эсэхийг тогтоох, - өмнө ашиглаж байсан цооног, өрөмдлөгийн талбай, хаягдлын цэг, агуулах, зам болон бусад талбайд хөрсний бохирдол үүссэн эсэхийг шалгаж, шаардлагатай газруудаас дээж авч лабораторийн шинжилгээ хийх, - өмнө нь байгаль орчны хяналт шалгалтаар илэрч байсан зөрчил, өгсөн үүрэг даалгавар, нөхөн сэргээлт болон хаягдал устгасан талаарх мэдээллийг дахин шалгаж, хэрэгжилтийг нь газар дээр нь тогтоох, - байгаль орчинд хохирол учруулсан нь тогтоогдвол хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээлт болон хуульд заасан бусад арга хэмжээг авах, - хяналт шалгалтын явц, илэрсэн зөрчил, хөрс болон усны шинжилгээний хариу, цаашид авах арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх ... ийг шаардаж байна. Энэ бол 20 орчим жилийн хугацаанд газрын тос олборлож, хайгуул хийсний дараа байгаль орчинд ямар ул мөр үлдсэн, үүссэн хаягдлыг үнэхээр хууль, стандартын дагуу устгасан уу гэдгийг баримтаар тогтоох тухай асуудал юм. Хэрэв бүх зүйл хууль, журмын дагуу хийгдсэн бол шалгалтаар тэр нь нотлогдоно. Харин зөрчил гарсан бол хэн, хэзээ, ямар хариуцлага хүлээхийг тогтоох ёстой. Энэ бол Монголын ард түмний өмч, бидний үр хүүхдэд үлдээх нутаг. Иймд газрын тосны хайгуул, олборлолтын олон жилийн үйл ажиллагаанаас үүссэн хаягдлыг хэрхэн устгаж ирснийг газар дээр нь шалгах хараат бус, мэргэжлийн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байна.