1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2023.12.15 20:45
Тайлбар:
Оном сангийн үүсгэл санаачилгаар 2016-2020, 2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хѳтѳлбѳрт Элэг бүтэн Монгол үндэсний хѳтѳлбѳр суусан билээ.
Тус хөтөлбөрийн үндсэн суурь болох Оном сангийн Эрдэмтдийн багийн 2013 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад 150 мянган хүн хепатитын В/Д вирүсийн хавсарсан халдвартай байгаа нь тогтоогдсон билээ.
Хепатитын В/Д вирүсийн хавсарсан халдвар нь хүний элэгний үрэвслүүд дотроос хамгийн хүнд хэлбэр төдийгүй элэгний хатуурал, хорт хавдарт маш хурдацтай хүргэдэг нэн аюултай ѳвчин юм.
Харамсалтай нь хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээ маш өндөр өртөгтэй байгаагаас ихэнх өвчтөнд эмчилгээ хийгдэхгүй байсаар элэгний хатуурал, хорт хавдартай болон хүндэрч хорвоог орхисоор байна.
Иймээс уг өвчний эсрэг цогц арга хэмжээг Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳрийн хүрээнд эрчимжүүлэхийг шаардаж энэхүү нийтийн өргөдлийг эхлүүлж байна.
Өргөдөл
Монгол Улс 100 мянган хүн ам тутам дахь элэгний хорт хавдрын тохиолдлын тоо болон нас баралтын тоогоороо дэлхийн дунджаас даруй 12 дахин их байна. Элэгний хорт хавдрын тохиолдлын болон нас баралтын тоог ДЭМБ-ын харьяа Олон улсын хавдар судлалын агентлагaас дэлхийн 185 орон тус бүрд насаар нь стандартчилж гаргадаг. Нас баралт дэлхийн дунджаас 12 дахин их байна гэдэг нь олон мянган монгол хүн цагаасаа эрт, залуу насандаа хорвоогийн мѳнх бусыг үзүүлж байна гэсэн үг юм. Эрүүл мэндийн хѳгжлийн тѳвѳѳс гаргасан тоо баримтаар 2022 онд Монгол Улсад 17.9 мянган хүн нас барснаас 1636 хүн элэгний хорт хавдраар, 656 хүн элэгний хатуурлаас болж, нийт 2’292 хүн хорвоог орхижээ. Энэ нь өдѳрт дунджаар зургаан Монгол хүн элэгний өвчнөөр нас барж байна гэсэн үг юм. Олон улсын хэмжээнд харьцуулсан тоо баримт болон үндэсний статистик нь Монгол Улсад элэгний хорт хавдар, хатуурал ОНЦ НОЦТОЙ хэмжээнд хүрээд удаж байгааг тод томруунаар харуулж байгаа ба хепатитын В, С, Д вирүсийн халдвар Монгол Улсын хүн амын дунд маш их тархсанаас үүдэн нас баралт ийм цочирдом их байна. Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг бууруулах үндсэн зорилготой хѳтѳлбѳрийг Оном сан 2012 онд санаачлан 2014 оны 09 сард олон нийтэд зарлан хэрэгжүүлж эхлүүлсэн. Оном сангийн уйгагүй тэмцлийн үр дүнд Улсын Их хурал 2016 оны 09 сард Засгийн газрын Үйл ажиллагааны хѳтѳлбѳрт Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳрийг оруулан баталсан. Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳрийг 2018 оны сүүл хүртэл нилээд эрч хүчтэй хэрэгжүүлсэн. Албан тоо баримтаар 15-аас дээш насны 1.1 сая хүн хепатитын В, С вирүсийн халдвар илрүүлэгт хамрагдаж, 192’595 хүн нарийвчилсан шинжилгээнд хамрагдан оношлогдож, 60 гаруй мянган хүн хепатитын С вирүсийн эсрэг шууд үйлчилгээтэй ѳндѳр үр дүнтэй эмчилгээг хийлгэж эдгэрсэн билээ. Үүний үр дүнд 10 мянган хүн ам тутам дахь элэгний хатуурлын нас баралт 2020 он хүртэл жигд буурч 2011 − 2012 оны оргил үетэй харьцуулахад 2 дахин бага болсон. Бодит амьдрал дээр нѳхцѳл байдал эрс сайжирсан байгааг эгэл жирийн ард иргэд, эмч мэргэжилтнүүд бүгд мэддэг мѳн ярьдаг. Үнэндээ ч хепатитын С вирүсээс үүдэлтэй элэгний хорт хавдрын нас баралт буурсан, уг вирүсийн гаралтай элэгний хатуурал, хэвлийн усжилттай хүмүүс ѳдрийн од шиг цѳѳрсѳн. Бүхэлд нь дүгнэхэд хепатитын вирүсийн архаг халдварыг хумих замаар элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулж болно гэдгийг Элэг бүтэн Монгол хөтөлбөр амьдрал дээр батлан харуулж чадсан. Цаашид Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳрийг үндэсний хэмжээнд тасралтгүй, чанартай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүнд: -Хепатитын В вирүсийн халдвараас хамгаалагдаагүй бүх хүмүүсийг хепатитын В вирүсийн эсрэг вакцинд орон даяар үнэ тѳлбѳргүй дэс дараатай хамруулах, -Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В вирүсийн халдвартай гарсан хүн бүрийг ЭМД сангаас хөнгөлөн хепатитын Д вирүс (HDV-RNA) тоолох шинжилгээнд хамруулах, -Хепатитын В/Д вирүсийн халдвартай хүмүүсийн мэргэжлийн эмчийн үзлэг, хяналтын шинжилгээг ЭМД сангаас хөнгөлөх, -Хепатитын В/Д вирүсийн халдварын эсрэг Булевиртид тариа, Лонафарниб эм, Интерферон ламбда тариа болон бусад сүүлийн үеийн шинэ эмчилгээг яаралтай нэвтрүүлэх, үнийг эрс бууруулж хүртээмжийг нэмэгдүүлэх. Жишээлбэл: Нэг сарын хэрэглээ нь 8 сая гаруй тѳгрѳгийн үнэтэй байгаа Булевиртид тариа эмчилгээний үнийг эрс бууруулах. -Хепатитын В/Д вирүсийн халдварын эсрэг эмчилгээг ЭMД сангаас нэгдсэн байдлаар худалдан авалт хийж хавсарсан халдвартай 150 мянган Монгол хүнийг шат дараатай эмчилгээнд хамруулах нь нэн шаардлагатай байна. Эцэст нь онцлоход Монгол Улсад нэн ѳндѳр байгаа элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг бууруулахад шинжлэх ухаанд суурилж, судалгаагаар батлагдсан дээр дурдсан ажлыг хийхгүйгээр ямар ч дорвитой үр дүнд хүрэх боломжгүй төдийгүй уг өвчний хүндрэл улам бүр ѳсѳн нэмэгдэж, энэ аюулт ѳвчин Монгол Улсын иргэн бүрт дарамт учруулсаар байхыг энд хариуцлагатайгаар тэмдэглэе! Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалж, алтан амийг авран сахих нь монгол төрийн чиг үүрэг, чин зорилго байх учиртай!
2023.12.18 20:01
2024.01.17 20:01