3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.10.23 12:08
Тайлбар:
Монгол Улсад гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа болон хариуцлагагүйгээр хүүхэд төрүүлж хаях явдал газар авч, үндэсний аюулгүй байдал, удмын санд бодит заналхийлэл учруулж байна. Энэхүү өргөдлөөр хүүхэд бүрийн бичиг баримтад биологийн эцгийг ДНХ тестээр заавал тогтоон бүртгэж удмын санг хамгаалах, хариуцлагаас зугтсан иргэдэд "хэтэвчний шийтгэл" буюу татварын дарамт ногдуулах хуулийн өөрчлөлтийг санаачилж байна.
Өргөдөл
Монгол Улсад гэр бүл салалт, гэр бүлээс гадуурх харилцаа болон хариуцлагагүйгээр хүүхэд төрүүлж хаях явдал газар авч, үндэсний аюулгүй байдал, удмын санд бодит заналхийлэл учруулж байна. Өнөөдөр манай нийгэмд хамт амьдардаггүй, хариуцлага хүлээдэггүй эцэг, эхчүүд үүргээ биелүүлдэггүй хэрнээ төрөөс олгодог Хүүхдийн мөнгийг авч хувьдаа үрэх, хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэхэд чөдөр тушаа болох зэрэг чирэгдлийг үүсгэсээр байна. Хамгийн аюултай нь, үр удмаа төөрөгдүүлж, өөр хүний овгийн ард нууснаас үүдэн ирээдүйд төрсөн ах дүүс, үеэлүүд бие биенээ танихгүйгээр гэрлэх, цус ойртох, үүнээс шалтгаалж төрөлхийн гажиг, саажилт, хам шинжтэй (синдром) хүүхдүүд төрөх эрсдэл туйлын өндөр болж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Иймд ухамсаргүй, хувийн жаргал хөөсөн хариуцлагагүй насанд хүрэгчдийг "хэтэвчээр нь дамжуулж" хашраах хатуу хуулийн зохицуулалт шаардлагатай байна. САНААЧИЛЖ БУЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨСӨЛ: 1. Биологийн эцэг эхийг заавал бүртгэх: Гэрлэлт батлуулсан эсэхээс үл хамааран, төрсөн хүүхэд бүрийн төрсний гэрчилгээ, иргэний бүртгэлд ДНХ-ийн шинжилгээг үндэслэн биологийн эцгийн овог нэр, регистрийн дугаар, угийн овгийг заавал ил тод бичиж, удмын санг төөрөгдүүлэхгүй байх. Хүүхэд хайрлагдах эсэхээс үл хамааран өөрийн цусыг мэдэх эрхтэй. 2. Хариуцлагагүй иргэдэд "Хэтэвчний шийтгэл" ногдуулах: Хүүхдээ тэжээн тэтгэхээс зугтсан, үр удмаа нуун дарагдуулж удмын санд хохирол учруулсан иргэдийн Хувь хүний орлогын албан татвар (ХАОАТ)-ыг хуулиар өсгөх эсвэл тусгай "хариуцлагагүйн татвар" ногдуулах. Төлөх ёстой тэтгэлэг, татварыг шүүхийн урт хугацааны процессгүйгээр цахим системээр тухайн хүний цалин, банкны данснаас шууд албадан суутгадаг болох. 3. Эрхийг цахимаар автомат хязгаарлах: Хүүхдээ хаяж явсан, уулздаггүй эцэг/эхийн Хүүхдийн мөнгө авах болон хүүхдийг хилээр гарахад нь зөвшөөрөл шаарддаг эрхийг цахим системээр автоматаар хасаж, өсгөж байгаа талд нь (асран хамгаалагчид) хүүхдийн өмнөөс бие даан шийдвэр гаргах давуу эрхийг хуулиар шилжүүлэх. Монгол хүний генийн сангийн аюулгүй байдал, үр хүүхдийнхээ ирээдүйг хамгаалахын тулд энэхүү хуулийн төслийн санаачилгыг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхийг шаардаж, иргэдийг гарын үсгээ зурж дэмжихийг уриалж байна.