1. Ажлын хэсэг байгуулах
33,000
2026.09.18 14:25
Тайлбар:
Тус хуулийн төсөл нь хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, экспорт, ажлын байр, технологийн хөгжлийг дэмжих зорилготой мэт боловч Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, газар нутаг, улсын хил, эдийн засгийн аюулгүй байдал, стратегийн дэд бүтэц, төрийн хяналттай холбоотой олон аюултай зохицуулалтыг агуулж байгаа тул иргэд, олон нийт, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагыг хамарсан ажлын хэсэг байгуулж, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Өргөдөл
"Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд хилийн зурваст тусгай бүс байгуулах, хил залгаа орны иргэдийг 30 хоног визгүй зорчуулах, газар ашиглуулах, эзэмшүүлэх, валют, татварын тусгай дэглэм хэрэгжүүлэх, гадаадын ажиллах хүчний зохицуулалтыг хөнгөрүүлэх, таавар, бооцоот тоглоом явуулах, стратегийн дэд бүтцэд тусгай нөхцөл хэрэгжүүлэх, төрийн хяналт суларч болзошгүй зэрэг үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд хамаарах олон аюултай зохицуулалт тусгагдсан байна. Түүнчлэн уг төсөлд давхардсан, зөрчилтэй, уялдаа холбоо хангаагүй зохицуулалт, хууль зүйн болон техникийн алдаа байгаа нь хуулийн хэрэгжилт, төрийн хяналт, зохицуулалтын үр нөлөөнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Иймд иргэд, олон нийт, иргэний нийгмийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэн, үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн хараат бус дүгнэлт гаргуулан, мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлт болон нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнэж, уг хуулийн төслийг цаашид Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх эсэхийг үндэслэлтэйгээр шийдвэрлэхийг шаардаж байна. Энэхүү шаардлага нь гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эсэргүүцсэн бус, харин Монгол Улсын урт хугацааны үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн аюулгүй байдал болон ирээдүй хойч үеийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан байр суурь болно.
2026.09.28 08:30
2026.10.28 08:30