3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

100,000
2025.08.08 15:14
Тайлбар:
Сумын цол олгох бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой бөхчүүдийг барилдахыг хориглох, Аймгийн цол олгох бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийг барилдахыг хориглох зохицуулалтыг хуульд нэмэх
Өргөдөл
Монголчууд бидний үндэсний бахархал, өв соёлын нэг болох үндэсний бөхийн барилдаан нь жил бүрийн баяр наадмын үеэр ард түмний хүсэн хүлээдэг, сэтгэлийн тансаг баяр баяслыг өгдөг уламжлалт спорт билээ. Гэвч сүүлийн жилүүдэд аймаг, сумдын баяр наадмын барилдаанууд нь найраа, шагнал харсан барилдаан болж хувирч, бөхийн спортын нэр хүндийг унагах, шинэ залуу бөхчүүдийн идэвх, тэмүүллийг мохоох, шударга өрсөлдөөний зарчмыг үгүй хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Тодруулбал: Сумын цол олгох барилдаанд аймаг, улсын цолтой бөхчүүд олноор барилдаж, залуу бөхчүүдийн цолоо авах боломжийг хязгаарлаж байна. Аймгийн цол олгох барилдаанд улсын цолтой бөхчүүд барилдан, шинэ залуу бөхчүүдийн амжилт гаргах нөхцлийг боомилж байна. Үүний улмаас бөх сонирхогчдын итгэл буурах, бөхөд дуртай залуусын тоо цөөрөх, үндэсний спортын дархлаа суларч буй нь анхаарал татахуйц асуудал болжээ. Иймд энэхүү асуудлыг шийдвэрлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, монгол бөхийн соёлыг хамгаалах зорилгоор дараах санал-ыг хуулийн төсөлд тусган хууль, эрх зүйн хүрээнд зохицуулалт хийхийг хүсье. Үүнд: Санал болгож буй нэмэлт, өөрчлөлт: Сумын цол олгох барилдаанд улсын болон аймгийн цолтой бөхчүүдийг оролцохыг хориглох. Аймгийн цол олгох барилдаанд улсын цолтой бөхчүүдийг оролцохыг хориглох. Барилдах эрхийн хязгаарлалтыг хууль, дүрэмд тодорхой тусгаж, зөрчсөн тохиолдолд зохих хариуцлага хүлээлгэх. Энэ зохицуулалт нь: Бөхийн спортод шинэ залуусыг түлхүү оруулах, Шударга өрсөлдөөнийг дэмжих, Найрааг хязгаарлах, Монгол үндэсний бөхийн дархлааг хамгаалах, Үндэсний бахархал, өв соёлыг уламжлалт хэв шинжээр нь авч үлдэхэд чухал ач холбогдолтой юм.