"БАГШИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ" ХУУЛЬ БАТЛАН ГАРГАХ ТУХАЙ

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1,758

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах
PN-202411-38951

100,000

Эрдэнэцогт Чулуунцэцэг

2024.11.07 16:49

Тайлбар:
Боловсролын эрх зүй судлаач, хуульч, доктор Э.Чулуунцэцэг би багштай холбоотой харилцааг зохицуулж буй эрх зүйн баримт бичгүүдэд шинжилгээ хийж, зөрчил, хийдэл ихтэй, үйлчлэл тогтворгүй, тодорхой бус байгаа, иймээс хэрэглээнд алдаа гарч, багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмж буурах үндэслэл болж байгааг тогтоосон болно. Үүний нэг бодит жишээ бол салбарын сайд БЕХ-ийн тодорхой бус зохицуулалтыг буруу ойлгон, хэрэглэж, 45 хоногийн дамжаагаар “багш мэргэжилтэн” бэлдэх шийдвэр гаргаж, шүүмжлэлтэй тулгарч буй явдал мөн. Өөр олон баримт бий. Иймээс багш мэргэжлийг хамгаалах, эрх зүйн байдлыг тодорхой болгох зорилгоор “БАГШИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ийн төсөл санаачлах өргөдлийг байршуулж байна. Багшийн асуудал нь нийт үндэсний эрх ашиг төдийгүй, боловсролын үйлчилгээ авч буй бүх иргэд, улс орны ирээдүйд хамааралтай тул Монгол Улсын иргэн бүр, нийт багш нар дэмжихийг уриалж байгаа болно.

Өргөдөл

Хуульч, доктор Эрдэнэцогтын Чулуунцэцэг миний бие 10 гаруй жил “ЕБС-ийн багшийн мэргэжлийн эрх, эрх зүйн байдал”-ыг судалж, судалгааны үр дүнгээ хууль зүйн болон боловсрол судлалын эрдэмтэн, судлаачдын дунд тайлагнаж, хүлээн зөвшөөрүүлсэн болно. Тус судалгаагаар Монгол Улсад “БАГШИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ” батлан гаргах гарцаагүй шаардлага байгааг тогтоосон билээ. Энэ хуулийг батлан гаргах дараах үндэслэл байгааг өргөдөлдөө тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 1. Монгол Улсын 2023 онд шинээр баталсан Боловсролын Ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд өмнөх 1991,1995, 2002 хуулиудад тусгагдаагүй олон шинэлэг зохицуулалт хийсэн ч багштай холбоотой заалтууд нь багшийн эрх зүйн байдлыг дордуулсан болох нь судалгаагаар тогтоогдсон. Үүний бодит жишээ бол салбарын сайд БЕХ-ийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 буюу тодорхой бус зохицуулалтыг буруу ойлгон, хэрэглэж, 45 хоногийн дамжаагаар “багш мэргэжилтэн” бэлдэх шийдвэр гаргаж, Монголын нийт багш нарын шүүмжлэлтэй тулгарч буй явдал юм. Өөр олон жишээ бий. Энэ байдлын шалтгааныг шинээр баталсан Боловсролын хуулиудтай холбон авч үзэх нь учир дутагдалтай. Яагаад гэвэл Боловсролын хууль тогтоомж нь боловсролын харилцааг зохицуулах үндсэн зорилготой бөгөөд багшийн эрх зүйн байдлыг тусгах үүрэг, чиглэлгүй юм. 2. ЕБС, СӨБ-ийн багштай холбоотой харилцааг захиргааны хэм хэмжээний актуудаар зохицуулдаг. Тэдгээр акт нь зөрчил, хийдэл ихтэй, үйлчлэл тогтворгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Мөн энэ талаар 2019 онд ЮНЕСКО болон БСШУЯ, БХ-гээс гаргасан “Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайлан”-д “...Багшийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан баталж,..эрх зүйн нэгдсэн зохицуулалттай болох, тогтвортой мөрдөх шаардлага байна” гэж бас тэмдэглэжээ. Эрх зүйн онолын баримтлалын хувьд ийнхүү эрх зүйн хэм хэмжээ системчлэлгүй, зөрчил, хийдэлтэй байгаа нөхцөл нь “кодификаци” буюу тухайн харилцааг нэгтгэн нэг хуулиар зохицуулах үндэслэл болдог. 3. Багшийн эрх зүйн байдлыг тогтоож буй дүрэм, журам, эрх зүйн актууд нь эрх зүйн хийдэл ихтэй байна. Үүний нэг жишээ нь 2018 онд “Багшлах эрх олгох, хасах журам”-ыг хүчингүй болгосон. Одоо болтол “багшлах эрхийг хасах, сэргээх” үйл ажиллагаа нь эрх зүйн зохицуулалтгүй байсаар байна. 4. “Багшийн эрх зүйн байдал”-ыг хуулиар тогтоож, баталгаажуулаагүйгээс багшийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай “мэргэжлийн эрх” хамгаалагдахгүй байна. Тодруулбал, “багш мэргэжлийн үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд үнэлүүлэх” эрхгүйгээс багш нар хөдөлмөрийн үнэлгээндээ сэтгэл дундуур, шүүмжлэлтэй хандаж байгааг бид маш сайн мэднэ. Тэд “Суралцагч, эцэг, эхэд шаардлага тавих” эрхгүйгээс болж олон дарамт, шахалтад орж байна. “Сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулахад оролцох” эрхгүйгээс болж боловсрол, сургалтыг бодит амьдралтай холбох, үр ашигтай байлгах хандлага бүрэн хэрэгжихгүй байна. “Суралцагчийг хараат бусаар үнэлэх, дүгнэх” эрхгүйгээс болж, багш хуурамч үнэлгээчин болж байгаа гэх мэт Монголын боловсролд сөрөг үзэгдэл ихсэх боллоо. Багшийн эрх зүйн байдлыг тусгайлан хуулиар зохицуулах нь багш мэргэжлийг хамгаалах, бие даасан байдлыг хангах, нэр төр, үнэлэмжийг дээшлүүлэх, багшийг хөгжүүлэх, багшид тавигдах шаардлага, шалгуурыг өндөрсгөх, ажил хөдөлмөрийг нь шударга үнэлэх, аливаа дарамт, шахалтаас ангид байлгах, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, боловсрол дахь иргэний нийгмийн хяналтыг бий болгох, боловсролын чанар, үр дүнг сайжруулах гол шийдэл гэж судлаачийн зүгээс харж байна. Мөн ЮНЕСКО тэргүүтэй олон улсын соёл, боловсролын байгууллагуудаас улс орон бүрийг багшийн талаар баримтлах нэгдсэн бодлого тодорхойлж, багшаа эрх мэдэлжүүлэхийг уриалсаар байгаа билээ. Монгол Улс боловсролын орчин үеийн чиг хандлага, онол, зарчмыг харгалзан үзвэл зохино. Цагаан цаасан дээр “Монголын ирээдүй”-г зурж буй багш мэргэжлийг хамгаалах, бие даасан байдлыг хангах, эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн тулд тус өргөдлийг дэмжихийг Монгол улсын иргэн бүрээс, нийт багш нараас хүсэж байна.

2024.11.14 11:10

2024.12.14 11:10

3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах

1,758

хүн зурсан

100,000

гарын үсэг цуглуулах

Өргөдлийг

Гарын үсэг зурах төрөл

Гарын үсэг зурсан иргэдийн тоон мэдээ (Сүүлийн 30 хоногт)