3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2025.11.06 17:47
Тайлбар:
Сүүлийн жилүүдэд бид спорт, тэр дундаа сагсан бөмбөгийн салбарт ямар том өөрчлөлт гарсныг харж байна. Хандив, ивээн тэтгэлт татварын хөнгөлөлтөөр дэмжигдсэнээр багуудын чанар сайжирч, дотоодын дээд лиг мэргэжлийн түвшинд хүрлээ. Энэ бол хувийн хэвшлийн оролцоог зөв бодлогоор урамшуулсны бодит үр дүн бөгөөд яг ийм загварыг МАА-н салбарт хэрэгжүүлбэл ямар болохыг төсөөлөөд үзье. Хэрэв энэ салбарт хандив өгсөн, хөрөнгө оруулсан байгууллагуудыг татварын хөнгөлөлтөд хамруулдаг бол: (a) МАА-н Эрдэм шинжилгээ, инновацийн төсөл, (b) Үржлийн ажил, тэжээлийн үйлдвэрлэл, (c) Залуу фермерүүдийн санаачилга, (d) Ногоон бэлчээрийн хөтөлбөрүүд бүгд бодит дэмжлэг авах боломж бүрдэнэ. Энэ бол зөвхөн хандив биш, салбарын хөгжлийг хурдасгах, нийгмийн хариуцлагыг бодитойгоор хэрэгжүүлэх шинэ соёл юм. Иймд ААНОАТтХ-ийн 22.9 дэх хэсэгт МАА-н салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан этгээдийг хамааруулж нэмэлт оруулах нь салбарын хөгжилд чухал нөлөөтэй юм.
Өргөдөл
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг....” гэж заасан байдаг ба үндэсний баялагаа өсгөх, үржүүлэх, хамгаалах зорилгоор тэргүүний сайн малчиддаа мянгат малчин, аймаг, улсын сайн малчин зэрэг шагналуудыг олгож, мал аж ахуйгаа эрхлэн амьдарч буй малчдыг урамшуулж ирсэн байдаг. Үүний үр дүнд 57,6 сая гаруй толгой малтай болж сайн, эерэг үр дүнд хүрсэн ч нэгж малаас гарах үр шимийг өсгөх бодлого алдагдсанаас болж бэлчээр талхлагдах, цөлжилт үүсэх, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх, олон сая малтай ч дотооддоо мах, сүүг өндөр үнээр худалдаж авах, мал малын гаралтай бүтээгдэхүүн (арьс, шир, ноос г.м) үнэгүйдэх, малчдын амжиргааны түвшин дээшлэхгүй байх зэргээс үзвэл Үндэсний баялаг гэх агуулгаа хадгалж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Монгол улс нь байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай бөгөөд бүсчлэлийн хувьд Хангайн бүс, Хэнтийн буюу Ойт-хээрийн бүс, говийн бүс, Хээрийн бүс, Алтайн уулархаг бүсүүдэд хуваагдаж байна. Иймд бүсчлэл тус бүрийн онцлогт тохирсон аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь малчдын ажил амжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн талхлагдалт, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, МАА болон үүнийг дагасан бусад салбар /газар тариалан, тэжээл, малын эм бэлдмэл, тоног төхөөрөмжүүд г.м/-ууд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжих боломж бүрдэх юм. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дэх хэсэгт “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй 9 заалт бүхий үйл ажиллагааг тус хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлөхөөр хуульчилсан байдаг. Энэхүү хуулийн 22.9 дэх хэсэгт Мал аж ахуйн эрдэм шинжилгээ, инновацийн төсөл, Үржлийн ажил, тэжээлийн үйлдвэрлэл, өндөр генофондтой цөм сүрэг, тогтоосон шалгуур, шаардлагыг хангаж байгаа дундын хоршоо, Ногоон бэлчээрийн хөтөлбөрүүд зэргийг оруулах нь салбарын оролцогчид төрөөс хөнгөлөлттэй зээл, тусламж хүсэх бус, өөрийн чадвар, үйл ажиллагааны үр дүн, боломжинд тулгуурлан хөрөнгө босгох боломжийг бий болгох юм. Цаашлаад малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, эдийн засгийн эргэлтэнд оруулах, малчдын амжиргааг дээшлүүлэх зэрэг чухал зохицуулалт болох юм. Мөн ААНОАТтХ-ийн 22.9 дэх хэсэгт “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй байх..., ... нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилготой байх..., ... харилцан хамааралгүй бусад этгээдэд олгох...” зэрэг нөхцөлүүд нь татварын хөнгөлөлт эдлэх аж ахуй нэгж байгууллага нь ААНОАТтХ-ийн 22.9.1-22.9.11 дэх заалтуудад заасан чиглэлээр компани үүсгэн байгуулах эсхүл харилцан хамаарал бүхий компанийг дэмжихээс сэргийлж, хязгаарлаж өгсөн тул санхүүгийн дэмжлэг нь хоршоологчид, малчдид зорилтод этгээдэд хүрч чадах юм. Иймд МАА-н салбарыг хөгжүүлэхэд төрийн бодлогоор дэмжихээс гадна аж ахуй нэгж байгууллага, хуулийн этгээдийг татан оролцуулах боломжийг нээж өгөх нь МАА болон үүнийг дагасан бусад сектор /газар тарилан, тэжээл, малын эм, бэлдмэл, тоног төхөөрөмжүүд г.м/-уудыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхэд чухал нөлөөтэй бөгөөд тус салбарын хөгжилд өөрийн хувь нэмэрийг оруулахыг хүссэн хүн бүхэн энэхүү санал санаачилгыг дэмжихийг уриалж байна.
2025.11.18 10:01
2025.12.18 10:01