2. Хяналт шалгалт явуулах
70,000
2026.06.29 17:27
Тайлбар:
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төслөөс болж олон мянган иргэн газар, орон сууц, мөнгөөрөө хохирч, хэдэн жилийн турш хүлээсээр байна.
Бид төслийн хэрэгжилт, тендерийн шалгаруулалт, холбогдох байгууллагуудын хариуцлагад хянан шалгалт хийлгэхээр УИХ-д өргөдөл хүргүүлж байна.
70,000 иргэний гарын үсэг цуглуулж, шударга шийдвэр гаргуулахад нэгдээрэй.
Өргөдөл
ӨРГӨДӨЛ Бид нийслэлийн дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд газар чөлөөлсөн болон орон сууц захиалан гэрээ байгуулсан иргэдийн зүгээс энэхүү өргөдлийг гаргаж байна. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжинэ гэсэн итгэлээр олон иргэн өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгөө чөлөөлж, зарим иргэн орон сууцны урьдчилгаа төлбөр болон захиалгын мөнгөө төлсөн боловч өнөөдрийг хүртэл төсөл бодитоор хэрэгжихгүй, барилгын ажил удааширч, зарим тохиолдолд огт эхлээгүй байдалтай байна. Үүний улмаас иргэд олон жилийн турш хүлээлтийн байдалд орж, түрээсийн байранд амьдрах шаардлагатай болж, сар бүр их хэмжээний зардал гарган санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсаж байна. Гэтэл төслийн хэрэгжилттэй холбоотой асуудалд холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй, тодорхой шийдвэр гаргахгүй байгаа нь иргэдийн эрх ашиг ноцтойгоор хохирч буй нөхцөл байдлыг үүсгээд байна. Мөн уг төслийг хэрэгжүүлэгч компанид тендер хэрхэн олгогдсон, ямар шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулсан, төсөл хэрэгжүүлэх санхүүгийн болон техникийн чадамжийг хэрхэн үнэлсэн талаар иргэдэд тодорхой, нээлттэй мэдээлэл байдаггүй. Төслийн хэрэгжилт удааширч байгаа өнөөгийн нөхцөл байдлыг харахад сонгон шалгаруулалтын үйл явц болон хяналтын тогтолцоонд бодитой үнэлгээ, шалгалт хийх шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн төслийн хэрэгжилттэй холбоотойгоор хандах үед зарим албан тушаалтан болон холбогдох этгээдүүд “явдаг газраараа яв”, “манай байгууллагын асуудал биш” гэх мэт байдлаар асуудлыг өөр байгууллага руу шилжүүлж, хариуцлагаас зайлсхийх хандлага гаргаж байгаа нь иргэдийн хууль ёсны эрх ашиг, төрийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна. Нийслэлийн зүгээс хийх ёстой зохицуулалт, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхгүй байгаа талаар иргэд бид гомдолтой байна. Иймд дараах асуудлуудыг шалган шийдвэрлэж өгөхийг хүсье. Үүнд: 1. Дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт удааширсан болон зогсонги байдалд орсон шалтгаан нөхцөлийг шалгах; 2. Төсөл хэрэгжүүлэгч компанийн тендер шалгаруулалт хууль, журмын дагуу явагдсан эсэхэд хяналт шалгалт хийх; 3. Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн болон техникийн чадамжийн үнэлгээг нягтлан шалгах; 4. Иргэдийн эрх ашиг хохирсон асуудалд холбогдох байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагыг тогтоох; 5. Барилгын ажлын бодит хугацаа, хэрэгжилтийн төлөвлөгөө болон иргэдийн хохирлыг барагдуулах асуудлаар тодорхой шийдвэр гаргаж танилцуулах; 6. Нийслэл болон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх. Бид энэхүү асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шалгаж, иргэдийн эрх ашгийг хамгаалсан бодитой шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.