3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.11.18 13:36
Тайлбар:
Улсын Их Хурлаас 1995, 2002 онд нийт 2 удаа Боловсролын тухай хуулийг баталсан бөгөөд эдгээр хуульд суралцагч “нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих” баталгаагаар хангагдана гэсэн зохицуулалт үйлчилж байв. Гэвч Боловсролын ерөнхий хууль болон Автотээврийн тухай хууль хоорондын уялдаа холбоо байхгүй, тэдгээрийн зөрчилдөөнөөс улбаалан, уг зөрчлийг арилгах үүднээс "нийтийн тээврийн хэрэгслээр сурагч, оюутнуудын үнэ төлбөргүй зорчих" зохицуулалтыг хүчингүй болгох гарц шийдлийг сонгон, тэдний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн. Иймд энэ байдлыг харгалзан өмнө нь байсан нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг энэ ондоо багтаан сэргээн батлах санал санаачлагыг гаргаж байна. Энэхүү нийтийн тусын тулд, нийтийн ашиг сонирхлын үүднээс гаргасан өргөдлийг дэмжиж өгөхийг Та бүхэнд уриалж байна.
Өргөдөл
Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу дараахь нийтийн өргөдлийг гаргаж байна. Үүнд: Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 7–ны өдөр Боловсролын ерөнхий хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан бөгөөд уг хуулиар өмнөх хуульд байсан буюу Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5 дахь заалтын “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэснийг үзэл санаа, агуулгын хувьд бүхэлд нь хасч баталсан байна. Хэдий тийм боловч Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсгийн нийтийн тээвэрийн хэрэгслийн нөхөн олговрын зохицуулалт нь хэвээр үлдээсэн. Үүнтэй холбоотойгоор 2024 оноос оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих боломжгүй болох нөхцөл байдал бий болж холбогдох арга хэмжээнүүдийг үе шаттай авч ирсэн боловч эцэст нь 2025 оны 1 дүгээр сарын 1–ний өдрөөс эхлэн U money оюутны картаар үнэгүй зорчих боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий хууль болон Автотээврийн тухай хууль хоорондын уялдаа холбоо байхгүй, тэдгээрийн зөрчилдөөнөөс болж сурагч, оюутнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эрх зүйн байдлыг дордуулсан энэ мэт шийдвэрийг гаргаж болохгүй гэж үзэж байна. Энэ нь Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон дагалдах бусад хуулийн төслүүдийн танилцуулгад “... Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 7–ны өдөр баталсан Боловсролын ерөнхий хуулиар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох зохицуулалтыг халсан боловч Автотээврийн тухай хуулийн холбогдох хэсэгт энэ төрлийн нөхөн олговрын зохицуулалт хэвээр үлдсэн, түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын 7–ны өдөр баталсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 7.5.2 дахь заалттай зөрчилдсөн зэрэг үндэслэлээр Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцохоор заасан болно” гэж дурдсанаас тодорхой харагдаж байна. Үүнээс гадна уг хуулийн төслийн танилцуулгад “олон нийтээр хэлэлцүүлсэн бөгөөд тодорхой санал ирээгүй” талаар дурдсан хэдий ч бодит байдал дээр сурагч, оюутнуудын хувьд оролцоог хангах, мэдээ мэдээлэлтэй байх, санал шүүмж өгөх зэрэг эрхүүд зөрчигдсөн гэж үзэж байна. Өмнө нь оюутнууд автобусаар сард хязгаарлалттай болон хязгаарлалтгүй (44 удаа, эсвэл 22 удаа) гэх зэргээр үнэгүй зорчдог байсан бол одоо том хүний тарифаар зорчиж байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд албан ёсоор хараахан гараагүй байгаа оюутнуудын хувьд санхүүгийн хүндрэлтэй байдлыг бий болгосоор байна. Иймд нэгдүгээрт, Боловсролын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид сургуулийн автобусаар үйлчилж болно” гэснийг “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгоно” гэж өөрчлөн найруулах; хоёрдугаарт, Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлд ““12.8.Боловсролын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу сурагч, оюутанд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/–ээр зорчих нөхөн олговор олгоно.” “12.9.Энэ хуулийн 12.8–д заасан нөхөх олговрыг олгох журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.”” гэсэн нэмэлт оруулах зэрэг холбогдох хуулиудыг 2026 онд буюу энэ ондоо багтаан батлан гаргах санал, санаачлагыг нийтийн тусын тулд, нийтийн (сурагч, оюутан нарын) ашиг сонирхлын үүднээс гаргаж байна. Өргөдөл гаргасан: С.Номынбаясгалан
2026.11.19 11:33
2026.12.19 11:33