3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.07.24 14:05
Тайлбар:
Дэлхий дахины чиг хандлага хувьсан өөрчлөгдөж, хүний эрх, тэгш байдлыг хангах асуудал улс орнуудын хөгжлийн гол үзүүлэлт болоод байна. Монгол Улс залуу ажиллах хүчний дайжилт, тархины урсгалыг зогсоох, бүс нутгийн болон хөрш орнуудын геополитикийн нөхцөл байдалд уян хатан, ардчилсан давуу талаа хадгалж үлдэхийн тулд ЛГБТК+ (LGBTQ+) иргэдийн эрхийг хамгаалах, ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх (approving same-sex marriage) зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэхүү өргөдөл нь хоёр хөршийн нөхцөл байдал, гадаадын чадварлаг боловсон хүчнийг татах таатай орчин бүрдүүлэх, нийгмийн шинэчлэл, эдийн засгийн тогтвортой байдал болон гадаад харилцааны давуу талыг бий болгох үндэслэлүүдийг тусгасан болно.
Өргөдөл
Монгол Улсын Их Хурлын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох Шат шатны шийдвэр гаргагчдын анхааралд, Өнөөдөр дэлхий даяар хүний эрхийн мэдрэмж, эрх чөлөөний үзэл баримтлал хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Энэхүү дэлхийн чиг хандлагаас Монгол Улс хоцрох уу, эсвэл бүс нутагтаа ардчилал, хүний эрхийн түүчээ хэвээр үлдэх үү гэдэг эгзэгтэй цаг үед бид ирээд байна. ЛГБТК+ (LGBTQ+) нийгэмлэгийн эрх ашгийг хамгаалах, тэднийг нийгэмд тэгш эрхтэй иргэн гэдгийг хүлээн зөвшөөрөх, улмаар ижил хүйстний гэрлэлтийг хуульчлан зөвшөөрөх нь зөвхөн цөөнхийн асуудал биш, Монгол Улсын ирээдүйн хөгжил, тусгаар тогтнол, эдийн засагтай шууд холбогдох стратегийн ач холбогдолтой алхам юм. Юун түрүүнд, бид хөрш орнуудын нөхцөл байдлыг сайтар ажиглаж, өөрсдийн давуу тал болгон ашиглах шаардлагатай. Манай хоёр хөрш орны хувьд ЛГБТК+ иргэдийн эрх зүйн орчин улам хумигдаж, хүний эрхийн чиглэлээр олон улсын шүүмжлэлд өртөх болсон төдийгүй чөлөөт сэтгэлгээтэй иргэд, боловсролтой залуус нь өөрийн улс орноосоо дайжих үзэгдэл ихэссэн. Энэхүү геополитикийн нөхцөл байдал дунд Монгол Улс ижил хүйстний гэрлэлтийг батлан зөвшөөрснөөр өөрийн улсыг Төв Ази болон Зүүн Азийн бүс нутаг дахь хамгийн чөлөөт, ардчилсан, хүний эрхийг дээдлэгч "баянбүрд" гэдгийг дэлхий нийтэд тунхаглах боломжтой юм. Хөрш орнуудаас болон бусад бүс нутгаас чөлөөт байдал, хүний эрхийн баталгааг хайн дайжиж буй өндөр боловсролтой, чадварлаг хүмүүс, хөрөнгө оруулагчид манай улсын энэхүү таатай нөхцөл, нээлттэй орчинд татагдан ирж, энд суурьшин амьдрах, ажиллах сонирхол нь эрс нэмэгдэнэ. Энэ нь манай улсын олон улсын нэр хүндийг өсгөөд зогсохгүй, барууны өндөр хөгжилтэй орнууд, олон улсын байгууллагуудтай хийх гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүчтэй хөшүүрэг болно. Хоёрдугаарт, манай улсад тулгарч буй хамгийн том аюул бол ажиллах хүчээ алдах явдал юм. Монголын зуу зуун боловсролтой, өндөр чадвартай залуус, тэр дундаа ЛГБТК+ нийгэмлэгийн төлөөллүүд өөрийн эх орондоо гадуурхагдаж, хууль эрх зүйн хувьд хамгаалагдаж чадахгүй байгаагийн улмаас гадаад улс орнуудыг зорин цагаачилж байна. Бид ийнхүү тархины урсгал болон ажиллах хүчний чадамжаа гадагш нь алдсаар байвал үндэсний эдийн засаг, инновацын хөгжил урт хугацаандаа зогсонги байдалд орох аюултай. Хэрэв бид гэрлэлтийн тэгш эрхийг хуульчилж, хүнийг ялгаварлан гадуурхдаггүй орчныг бүрдүүлж чадвал өөрийн орны чадварлаг залуусыг авч үлдэхээс гадна, гадаадын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийг өөртөө татаж, тэдний мэдлэг чадварыг эх орныхоо хөгжилд ашиглах таатай хөрс бүрдэх боломжтой. Ижил хүйсний гэрлэлтийг зөвшөөрөх, нийгмийн хандлагыг өөрчлөх нь ердөө л цаг хугацааны асуудал юм. Олон улсын томоохон компанид сүүлийн үед хүний эрхийг дээдлэх хатуу цензүүртэй болсон бөгөөд шинэ үеийн залуус хэвшмэл, хуучинсаг үзлээс ангид, хүнийг сексийн чиг баримжаанаас нь үл хамааран хүн гэдэг утгаар нь үнэлдэг соёлд суралцаж байна. Тиймээс цаг хугацааны урсгалыг сөрөх бус, түүнийг угтан авч, хууль эрх зүйн шинэчлэлийг зоригтой хийх нь төрийн мэргэн зохицуулалт байх ёстой. Бид морь унаад бусадтай зэрэгцэн давхих уу явган алхаад явах уу? Үндсэн хуулиар олгогдсон "Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй" гэсэн зарчмыг бодит амьдрал дээр хэрэгжүүлж, Гэр бүлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулан, ижил хүйстний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг шаардаж байна. Цаг үеэ мэдэрсэн, зоримог бөгөөд хүмүүнлэг шийдвэр гаргаж, Монгол улсыг дэлхийн түвшний нээлттэй, таатай улс болгох шинэчлэлийг эхлүүлэхийг Та бүхнээс хүсье. Хүндэтгэсэн, Монгол Улсын шинэ үеийн иргэдийн төлөөлөл