3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
100,000
2026.07.14 09:12
Тайлбар:
Монгол Улсад оршуулгын асуудлыг зохицуулсан бие даасан хууль өнөөдрийг хүртэл байхгүй бөгөөд зөвхөн салангид хууль, дүрэм, журамд тулгуурлан зохицуулж байна. Үүний улмаас оршуулгын газрын байршил, газар ашиглалт, байгаль орчны хамгаалалт, нийтийн эрүүл ахуй, шарил чандарлах болон газарт оршуулах үйл ажиллагаа, оршуулгын газрын менежмент, хуучин оршуулгын газрыг цэгцлэх зэрэг асуудалд эрх зүйн тодорхой зохицуулалт дутагдаж байна.
Иймээс оршуулгын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн бодлого, стандарттай болгож, иргэдийн эрхийг хамгаалах, газар ашиглалтыг зөв зохион байгуулах, байгаль орчин, соёлын өв, шашин шүтэх эрхийг тэнцвэртэй хангах зорилгоор "Оршуулгын тухай хууль" боловсруулж батлахыг хүсэж байна.
Өргөдөл
Монгол Улсад оршуулгын үйл ажиллагаа, оршуулгын газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, менежментийг зохицуулсан бие даасан хууль байхгүй бөгөөд асуудлыг салангид хууль, журам, орон нутгийн шийдвэрээр зохицуулж байна. Энэ нь орон нутаг бүр өөр өөр зохицуулалт хэрэглэх, эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэх, иргэдийн хооронд маргаан гарах шалтгаан болж байна. Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын тэлэлт, хүн амын өсөлт, газар ашиглалтын өөрчлөлтөөс шалтгаалан оршуулгын газрын байршил, хэмжээ, ашиглалтын асуудал улам бүр тулгамдсан асуудал болж байна. Мөн зөвшөөрөлгүй оршуулга хийх, төлөвлөгдөөгүй газарт бунхан, хашаа байгуулах, хуучин оршуулгын газрыг цэгцлэх боломжгүй байх зэрэг асуудал гарсаар байна. Иймд Монгол Улсын Их Хурал "Оршуулгын тухай хууль"-ийг боловсруулж батлахдаа дараах үндсэн зарчмыг тусгахыг хүсэж байна. Оршуулгын үйл ажиллагааны нэгдсэн эрх зүйн зохицуулалт бий болгох. Оршуулгын газрыг зөвхөн батлагдсан ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын дагуу байгуулах. Зөвшөөрөлгүй газар оршуулга хийхийг хориглох. Бэлчээр, усны сан бүхий газар, хамгаалалтын бүс, тусгай хамгаалалттай газар болон хуульд заасан бусад бүсэд оршуулга хийхийг хориглох. Оршуулгын газрын байгаль орчин, эрүүл ахуй, инженерийн стандарт, хамгаалалтын бүсийг хуульчлах. Газар оршуулах болон чандарлах үйл ажиллагааны нийтлэг шаардлагыг тогтоох. Иргэн бүрийн шашин шүтэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ хууль, газар ашиглалтын нэгдсэн шаардлагыг хүн бүрт адил тэгш мөрдүүлэх. Хуучин оршуулгын газрыг бүртгэлжүүлэх, хамгаалах, шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх. Оршуулгын газрын бүртгэл, хяналт, хариуцлагын тогтолцоог бий болгох. Энэхүү хууль нь тодорхой нэг шашин, үндэстэн, орон нутагт чиглэсэн бус, Монгол Улсын нийт иргэн, байгууллагад ижил тэгш үйлчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд газар ашиглалт, байгаль орчин, нийтийн эрүүл ахуй, иргэдийн эрх ашиг, хүний эрхийг тэнцвэртэй хангах ач холбогдолтой гэж үзэж байна.
2026.07.15 10:00
2026.08.14 10:00